Усны хомстлын нийгэм, эдийн засгийн үр дагавар

Artboard 1@2x

Өнөөдөр Өмнөд Африкт нүүрлээд буй ган гачигаас болж Холливудын кинонуудын бараг тэн хагаст гардаг шиг усгүй, аймшигт ирээдүй биеллээ олоход ойрхон болоод байна. Хэдийгээр өнөөгийн бодит байдал хараахан кинонд гардаг шиг адармаатай болоогүй байгаа ч усны хомстлоос үүдэлтэй нийгэм, эдийн засгийн үр дагаварт анхаарлаа хандуулах нь зүйтэй юм.

Эдийн засгийн үр дагавар

Олонх салбарын үйл ажиллагаа уснаас шууд хамааралтай байдгаас үүдэлтэйгээр усны хомстол нь эдийн засгийн өсөлтөд томоохон сорилт дагуулж байдаг. Жишээлбэл, сүүлийн үед ган гачигийн улмаас хүнд байдалд ороод буй хөдөө аж ахуй, уул уурхайн салбар үүний тод жишээ болж байгаа бол усны дутагдалтай байдал аялал жуулчлалын салбарт ч мөн адил сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байна.

Макро эдийн засагт үзүүлж буй эдгээр сөрөг нөлөөлөл нь илүү өргөн цар хүрээг, тэр дунд хувь хүмүүсийг ч хамарч болно. Өөрөөр хэлбэл, аливаа бизнесийн үйл ажиллагаа доголдож, ашиг орлого багассанаар ажиллах хүчээ цөөлж цомхотгох өндөр магадлалтай байдаг. Энэ нь цаашлаад эмзэг бүлгийн иргэдийн хэрэглээний зардал буурахад хүргэдэг.

Нийгмийн үр дагавар

Хангалттай хэмжээний усгүйгээр айл өрхийн өдөр тутмын амьдрал хэвийн үргэлжлэх боломжгүй болдог. Энэ бол усны хомстлын нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг нэг илрэл юм. Усны хомстол ялангуяа савласан ус худалдан авах чадамжгүй, бага орлоготой иргэдэд илүү хүнд тусдаг.

Ус нь ариун цэвэр сахихад, ариун цэвэр сахих нь эрүүл аж төрөхөд чухал үүрэгтэй тул усны хүртээмж хангалтгүйгээс өрхийн амьдралын нөхцөл дордох хандлагатай байдаг. Үүнээс гадна, усны хомстлоос үүдсэн нь хүнсний үнийн өсөлт мөн л нийгмийн хамгийн эмзэг бүлэгт хамгийн ихээр нөлөөлдөг.

Хэдийгээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс түүхэндээ байгаагүй хүнд хэцүү ган гачигтай нүүр тулаад байгаа ч иргэд, оршин суугчид нь амьдрах боломжгүй нөхцөл байдалд хараахан орчихоогүй байна. Тус улсын зарим хэсэгт усны хэрэглээг хэд хэдэн цагаар хязгаарлах тохиолдол гарч байгаа ч  жирийн иргэдийн амьдралд ноцтой хэмжээнд нөлөө үзүүлээгүй байна.

Хэдий тийм боловч, усны ноцтой түвшний хомстол нүүрлэсэн тохиолдолд гарах үр дагаврыг тооцоолон үзэх нь чухал юм. Өөрөөр хэлбэл, ийм нөхцөл байдалд гарах үр дагаврыг бодолцон үзэж дор бүрнээ усаа хэмнэх нь иргэн бүрийн үүрэг юм.

Эх сурвалж:

Ваалын Технологийн Их сургууль

https://www.vut-research.ac.za/the-social-and-economic-impact-of-a-water-scarcity/

Монголын МСС-ийн Нийгэм, жендэрийн оролцоо хариуцсан багаас орчуулан хүргэж байна.