Улаанбаатар, 2021 оны 6 дугаар сарын 3 – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Монголын МСС-ийн Туул хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө.
Хуралд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон Удирдах зөвлөлийн гишүүд, Монголын МСС-ийн удирдлага, холбогдох захирлууд болон албаны бусад хүмүүс оролцов.
Хурлаар Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос байгууллагын 2021 оны Гүйцэтгэлийн зорилтууд болон Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, тэр дундаа Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих төслийн ажлын явцыг танилцуулав. Монголын МСС-ийн Мониторинг, үнэлгээний төлөвлөгөө, Монголын МСС-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийж буй зөвлөх компанийн ажлын явц, байгууллагын удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийн болон бусад асуудлаар холбогдох захирлууд мөн танилцуулга хийж, хэлэлцүүлэв. Түүнчлэн 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 2022 оны 6 дугаар сарын 30-ныг дуустал Монголын МСС-аас хэрэгжүүлэх Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон 2021 оны 3 дугаар улирлын Санхүүжилтийн төлөвлөгөөг тус тус хэлэлцэн батлав.
Монголын МСС-ийн Удирдах зөвлөл нь Гадаад харилцааны сайд, холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг багтаасан саналын эрх бүхий ес, саналын эрхгүй хоёр гишүүн (Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал болон МСК-ын Суурин захирал)-ээс бүрддэг.
Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд 2021 оны 6 дугаар сарын байдлаар нийт 13 удаа хуралдаж (ээлжит болон ээлжит бус горимоор), Монголын МСС-ийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлээд байна.
###
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.