Улаанбаатар хот, 2021 оны 5 дугаар сарын 10 - Компакт гэрээний санхүүжилтээр Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) “Мобиком" корпорацын удирдлагуудыг хүлээн авч уулзан, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. Уулзалтад Монголын МСС-ийн талаас Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт, Хуулийн ерөнхий зөвлөх П.Баяр, Барууны эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх, Санхүүгийн асуудал хариуцсан захирал Г.Уранчимэг, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирал Б.Амарсанаа, “Мобиком" корпорацын талаас Гүйцэтгэх захирал Тацуяа Хамада, Маркетингийн асуудал хариуцсан дэд захирал Кожи Курушима, Хууль эрх зүй, бодлого зохицуулалт эрхэлсэн дэд захирал Э.Эрдэнэсүрэн, Байгууллагын бизнесийн газрын захирал Б.Отгончимэг, Маркетинг, мэдээлэл харилцааны асуудал хариуцсан захирал С.Батзаяа нар оролцов.
Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос уулзалтын эхэнд Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгч, хоёр байгууллага олон чиглэлээр үйл ажиллагаагаа уялдуулж, хамтран ажиллах боломжтойг дурдлаа. Тэрээр “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид ирэх таван жилийн хугацаанд дэд бүтцийн хоёр томоохон төсөл хэрэгжүүлнэ.
Түүнээс гадна тэдгээр дэд бүтцийн үйл ажиллагааг хэвийн явуулах, үр ашгийг урт хугацаанд тогтвортой хадгалах зорилго бүхий зөөлөн дэд бүтцийг бий болгох, ус ашиглалтын байгууллагын чадавхжуулах, тогтвортой байдлыг хангах төслийг мөн хэрэгжүүлнэ. Тогтвортой байдлыг хангах төслийн маань нэг чухал хэсэг нь усны үнэ цэнэ, бохирдлын өртгийн талаар олон нийтийн ойлголт, боловсролыг нэмэгдүүлэх, дадал хандлагыг өөрчлөхөд чиглэж байгаа. Иргэн, аж ахуйн нэгжүүд усаа зүй зохистой хэрэглэдэг, хэрэглээндээ хариуцлагатай ханддаг, усыг бодитоор үнэлдэг байх нь усны салбарын тогтвортой байдлыг хангахад туйлын чухал. "Мобиком" корпорацын хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтийг, ялангуяа хүүхэд залуусыг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлд идэвх санаачилгатай ажилладаг, үлгэр жишээ аж ахуйн нэгжүүдийн нэг. Тиймээс олон чиглэлээр үнэтэй туршлагаа хуваалцаж, нягт хамтран ажиллах боломжтой гэж харж байна” гэлээ.
“Мобиком" корпорацын Гүйцэтгэх захирал Тацуяа Хамада олон нийт агаарын бохирдол, хотын хэт төвлөрөл зэрэг богино болон дунд хугацааны асуудалд анхаарлаа хандуулж, урт хугацаандаа илүү уршиг дагуулах усны хомстол, цөлжилтийн асуудлыг орхигдуулж байгаа энэ үед АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Монгол Улсын усны салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалтын ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Мөн усны салбартай холбоотой нийгмийн хариуцлагын хүрээнд “Мобиком" корпорацаас санаачлан БСШУЯ болон ЮНИСЕФ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл”, “Хүүхэд бүрт цэвэр ус” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар товч мэдээлэл өгч, санал солилцлоо.
Төгсгөлд нь, талууд дараа дараагийн уулзалтаар хамтын ажиллагааны илүү тодорхой санал санаачилгуудыг хэлэлцэж хэрэгжүүлэхээр тохиролцов.