Улаанбаатар хот, 2021 оны 7 дугаар сарын 9 - Монголын Мянганы сорилтын сангаас Компакт гэрээний санхүүжилтээр барьж байгуулах усны салбарын шинэ дэд бүтэц, үйлдвэрүүдэд ажиллах хүчнийг бэлтгэх асуудлаар Монгол Улсад усны салбарын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн төлөөлөлтэй цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч С.Чулуунхуяг, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин ба ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Ч.Сономдагва, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) захирал Б.Батцэнгэл, тус сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн сургалтын хөтөлбөрийн зохицуулагч Дэд профессор Г.Гантуяа, Хүрээлэн буй орчны инженерийн багш, доктор Ц.Ариунтуяа болон холбогдох мэргэжилтнүүд, Монголын МСС-аас Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, Баруун эх үүсвэрийг байгуулах төслийн захирал Б.Батсүх, Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн мэргэжилтэн Т.Цэнгүүн нар оролцов.
Уулзалтаар Монголын МСС-ийн зүгээс Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд барьж байгуулах Ус гүн цэвэршүүлэх байгууламж, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт ажиллах хүний нөөцийн хэрэгцээг танилцуулснаас гадна усны салбарын мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын хөтөлбөр, салбарын хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, санал солилцлоо.
Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос уулзалтын эхэнд Компакт гэрээний санхүүжилтээр Улаанбаатар хот, цаашлаад баруун тийш тэлэх шинэ суурьшлын бүсүүдийг усаар хангах дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудын талаар товч танилцуулга хийв. Тэрбээр “Шинээр барьж байгуулах үйлдвэрүүд маань Монгол Улсын усны салбарт анхдагч, томоохон дэд бүтцэд тооцогдох учраас өндөр төвшинд бэлтгэгдсэн инженер техникийн ажилтнууд шаардлагатай болно. Хэдийгээр ихэнх шат дамжлага нь автоматчилагдсан, дэвшилтэт технологитой гэдэг утгаараа харьцангуй цөөн тооны (одоогийн ТЭЗҮ-ээр хоёр үйлдвэр нийлээд 70 гаруй) инженер техникийн ажилтан шаардахаар байгаа ч усны салбарын мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын хувьд оюутнуудаа дадлагажуулж, мэргэшүүлэх, илүү чадварлаг боловсон хүчин бэлтгэх чухал талбар болно гэж итгэж байгаа. Бидний зүгээс ус хангамж, ариутгах татуургын инженерийн мэргэжлийг сонгон суралцаж байгаа оюутнуудыг бүр үйлдвэрийн барилга, угсралтын үе шатнаас эхэлж төсөл хөтөлбөрийн зөвлөх, барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж буй АНУ, Герман, Франц зэрэг олон улсын шилдэг компани, инженерүүдээс суралцуулж, дадлагажуулаад, шаардлагатай бол хичээл, сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулаад явбал оюутнуудын ч идэвх чармайлт нэмэгдэж, мэргэжилдээ дурлаж, чадавхжиж, дээр нь энэ салбарын мэргэжлийн нэр хүнд ч өсөх давуу талтай гэж үзсэний үндсэн дээр та бүхэнтэй эртнээс уулзаж, санал солилцож байгаа юм” гэлээ.
ШУТИС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч С.Чулуунхуяг “Усны салбарын боловсон хүчин бэлтгэх асуудал олон жил яригдаж байгаа тулгамдсан асуудлуудын нэг байгаа. Хөдөлмөрийн зах зээлд эрэлт өндөр байгаа ч энэ чиглэлийн мэргэжилтэн дутмаг, бараг 20 жилийн тасалдал үүссэн гэж хэлж болохоор байгаа. Манай сургуулийн хувьд 1986 оноос хойш усны салбарын 630-аад мэргэжилтэн бэлтгэж төгсгөөд байна. Багц хөтөлбөрт шилжсэнээс хойш усны мэргэжлийг сонгох нь цөөрөөд байсан. Харин төрөөс нийтийн аж ахуйн чиглэлд баримтлах бодлогын талаар тогтоол гарахад боловсон хүчинд тулгамдаж байгаа асуудлыг хөндөж тавьсны үр дүнд энэ жилээс сантехник, инженерийн байгууламжийн ангийг нээхээр болоод байна” гэлээ.
МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхмийн эрхлэгч Ч.Сономдагва хүрээлэн буй орчны инженер, ойн аж ахуй, байгаль орчныг хамгаалах технологи, хүрээлэн буй орчин судлал гэсэн дөрвөн хөтөлбөрөөр тус сургуульд усны салбарын мэргэжилтэн бэлтгэж байгаа талаар мэдээлэл өгөөд, төгсөгчдөдөө ажлын байр, дадлагын боломж бий болгох чиглэлээр Монголын МСС-тай хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв.
МГТИС-ийн захирал Б.Батцэнгэл Компакт гэрээний санхүүжилтээр усны салбарт томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж, дэд бүтцийн бүтцийн бүтээн байгуулалтууд хийгдэх гэж буйд ихээхэн олзуурхаж буйгаа илэрхийлээд, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртэй шууд хамааралтай мэргэжилтэн бэлтгэдэг хөтөлбөрүүдийн талаар товч мэдэлээл өгөв. Мөн оюутнуудаа дадлагажуулах, багш, оюутан солилцооны богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа хэллээ.
Уулзалтын төгсгөлд Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй шинэ Төв цэвэрлэх байгууламжид ажиллах хүч, цаашлаад аж үйлдвэрийн бохирдлыг бууруулах, ус дахин ашиглах бодлогыг дэмжих, хэрэгжүүлэх хүрээнд усны салбарын чадварлаг инженер техникийн ажилтнуудын эрэлт илүү нэмэгдэхийг онцлоод, гагцхүү Компакт гэрээний хэрэгжилтийн хүрээнд бий болж буй боломж бололцоог ашиглан орчин үеийн ямар ч техник технологи, туршлагыг олон улсын стандартын дагуу Монголдоо хэрэглэж хэрэгжүүлээд, нутагшуулаад явах чадалтай, сэтгэлтэй, өрсөлдөх чадвартай инженер, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд боломжтой бүх талаар дэмжиж, хамтран ажиллах хүсэлтэй буйгаа дахин илэрхийлэв.
Их, дээд сургуулиудын төлөөллийн зүгээс Монголын МСС-ийн зүгээс гаргаж буй санал санаачилгад гүнээ талархаж буйгаа илэрхийлээд, энэ чиглэлд уулзалтыг тогтмолжуулж, мэдээлэл солилцох, хамтран ажиллах саналуудаа нарийвчлан тодотгож, бодит ажил болгох чиглэлд идэвхийлэн ажиллахаар тогтлоо.
Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.