Улаанбаатар хот, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр – Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо албаны бусад хүмүүсийн хамт, түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Усны газар, Нийслэлийн Байгаль орчны газрын төлөөлөл 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10, 12, 13 дугаар хороодын нутаг дэвсгэрт буюу “Шувуун фабрик”, “Биокомбинат” орчимд байрлах Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн талбайтай танилцлаа.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын сангийн хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр санхүүжүүлэх Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, төслийн хүрээнд Шувуун фабрик, Биокомбинат орчимд газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэр байгуулах ажлын явцын талаар Монголын МСС-ийн удирдлага болон чиглэл хариуцсан захирлууд, мөн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн Зөвлөх компанийн инженер, техникийн ажилтнууд мэдээлэл өглөө. Түүнчлэн хайрганы карьеруудын үйл ажиллагааны улмаас эвдэрч, гэмтсэн 288 га талбайг төслийн барилга угсралтын ажил эхлэхээс өмнө нөхөн сэргээх шаардлагатай байгааг хэлээд, энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллахыг Дэд сайд болон холбогдох албаны хүмүүсээс хүслээ. Нөхөн сэргээлттэй холбоотой асуудлаар Нийслэлийн Байгаль орчны газрын төлөөлөл мөн нэмэлт мэдээлэл өгөв.
Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортой хангаж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх энэхүү нэн ач холбогдолтой төслийг хэрэгжүүлэхэд тус яамны зүгээс идэвхтэй оролцож, улам нягт хамтран ажиллахаа илэрхийлээд, төслийг амжилттай урагшлуулахад холбогдох бусад бүх талууд идэвхтэй оролцож, хүлээж суулгүй санаачилгатай хамтарч ажиллах нь чухал болохыг онцлов.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Компакт гэрээгээр хүлээсэн үүрэг, амлалтын хэрэгжилтийг хангах зорилгоор Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийг ойрын хугацаанд хуралдуулж, нөхөн сэргээлтийн болон бусад асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай ажил үүргийн хуваарь, төлөвлөгөө гарган ажиллахаар тогтлоо.
###
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.