
БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Аман орчуулга хийх зөвлөхийн үйлчилгээ
Гэрээний дугаар: MCA-M/ICS/052
Улаанбаатар хот, Монгол Улс
2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр
Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан Компакт гэрээний хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг энэхүү бие даасан зөвлөхийн гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс тус гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ, бусад холбогдох баримт бичигт заасан Компакт гэрээний санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх эсвэл Компакт гэрээний хөрөнгө оруулалтын санхүүжилтээс зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснаас (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.
Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүнд:
- Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
- Хаягдал усыг дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.
Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг монгол- англи, англи-монгол хэлний аман орчуулга хийх зөвлөхийн үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Бие даасан зөвлөх нь ур чадвар, ажлын туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Орчуулга, хэл шинжлэл эсвэл олон улсын харилцааны чиглэлээр их дээд сургууль төгссөн эсвэл мэргэшсэн орчуулагч/аман орчуулагчийн гэрчилгээтэй байх (Дипломын хуулбар, орчуулагчийн гэрчилгээний хуулбарыг хавсаргах);
- Дөрөв (4) болон түүнээс дээш жил Англи хэлний аман орчуулгын үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн ажлын туршлагатай байх (Ижил төстэй ажил/үйлчилгээ үзүүлж байсан тухай өмнөх захиалагчийн баталгаажуулалт бүхий, гурван (3) тодорхойлолт хавсаргах);
- Засгийн газар, Элчин сайдын яамд, олон улсын байгууллагад гурав (3) болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх зэрэг багтана.
Зөвлөхийн ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолт, зөвлөхийн саналд хавсаргах шаардлагатай баримт бичгүүдийг Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт тусгасан болно.
Зөвлөхийг МСК-ын цахим хуудас дахь Худалдан авах ажиллагааны бодлого, удирдамж (https://www.mcc.gov)-д заасан Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах аргаар шалгаруулна.
Сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхож буй зөвлөх “Provision of Individual Consultant Services for Interpretation Services for MCA-Mongolia” гэсэн гарчигтай, бүтэн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичгийг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.
Энэхүү зөвлөх сонгон шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14:00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариултыг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагаас өмнө сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн зөвлөхүүдэд хүргүүлнэ.
Зөвлөх нь өөрийн намтар, ур чадварын мэдээлэл бүхий саналыг Улаанбаатар хотын цагаар 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагаас өмнө Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичиг (RFA)-т заасан цахим холбоосоор ирүүлнэ. Зөвлөхийн саналыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээж авах ба цахим шуудан/хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон саналаас татгалзана.
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
