Жендэр, нийгмийн оролцоо


Монголын Мянганы сорилтын сан болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь жендэр, нийгмийн тэгш бус байдал бол нийгэм, эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж, ядуурлыг бууруулах үйл ажиллагаанд саад, бэрхшээл учруулдаг гол хүчин зүйлсийн нэг хэмээн үздэг. Иймээс эдийн засгийн тэгш, хүртээмжтэй өсөлтийг хангах замаар нийт хүн амын амьдралын чанарыг сайжруулж, ядуурлыг бууруулах зорилготойгоор энэхүү Компакт гэрээг хэрэгжүүлж байна.

Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үр шимийг нийгмийн бүхий л бүлгийн иргэдэд нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ үл харгалзан тэгш хүргэх зорилгоор нийгэм, жендэрийн асуудал, эрсдэлийг судалж, дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх юм.

Үүнд:

1. Барилга, бүтээн байгуулалтын үйл ажиллагааны нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох;

2. Усны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын байгууллагуудад техник, арга зүйн туслалцаа үзүүлэх бөгөөд ингэхдээ ус хэрэглэгчдийн төлбөрийн чадвар, эрмэлзлийг нарийвчлан үнэлж, уг үнэлгээнд тулгуурлан цэвэр, бохир усны тарифын бүтцийг нарийвчлан судлах;

3. Улаанбаатар хотод нүүрлэж буй усны нөөцийн хомстлын талаар болон байгаль орчинд ээлтэй, нийгмийн эрх ашигт нийцсэн байдлаар ус олборлох, ашиглахтай холбоотой бодит өртгийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилгоор холбогдох талууд, олон нийтийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх олон нийтийн дадал, хандлагыг өөрчлөх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх;

4. Компакт гэрээний хүрээнд хэрэгжих төсөл, үйл ажиллагааны үе шат бүрт жендэрийн тэгш байдал болон нийгмийн оролцоог тэгш хангах зорилгын хүрээнд Жендэр, нийгмийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах зэрэг багтана.

Эдгээр үйл ажиллагааг МСК-ын Жендэрийн бодлого, Жендэрийн асуудлыг төсөл, хөтөлбөрт тусгах зааварчилгаа, Хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг бодлого, ОУСК-ын Гүйцэтгэлийн стандарт, Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, БХБЯ-ны барилга хот, байгуулалтын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого зэрэг холбогдох бодлогын бичиг баримтад нийцүүлэн хэрэгжүүлнэ.

Холбогдох санал, хүсэлт болон асуултын талаар Монголын МСС-ийн Жендэр, нийгмийн оролцоог хариуцсан багтай gender@mca-mongolia.gov.mn хаягаар холбогдоно уу.


.